Дурсамж чи намайг эзэмдээч

Дурсамж чи намайг эзэмдээч

Арван нэгдүгээр сар хаяанд ирчихлээ. Он дуусахад хоёрхон сар үлдсэн байна гэхэд ердөө ч итгэмээргүй юм. Шинэ бүхнийг далласан 2016 он та биднийг тэсэн ядан хүлээж байна. Он дуусахад ямар нэгэн гайхалтай зүйл хийхгүй бол огтоос болохгүй мэт мэдрэмж төрж байна уу? Дурсамж л ой ухаанд үлддэг шиг. 2015 оны хамгийн онцгой мөчүүдийг хамтдаа бүтээцгээе.

Дурсамж бүтээх арга №1:

Үнэр бас амт

Хүн төрөлхтний хамгийн төгс мэдрэхүй бол амтлах, үнэрлэх тэр л мэдрэмж юм. Онцгой амт, содон үнэрийг та хэзээ ч мартахгүй гээд төсөөлдөө. Өмнө нь мэдэрсэн амт, үнэртэй дахин тааралдахад таны ухамсар асар хурдтай дурсамжийг тань сэгсчин хайсаар хаана, хэзээ, хэнтэй байхдаа ямар мэдрэмж авсныг өөрийн эрхгүй сануулдаг. Энэ мэдрэмжээрээ та 2015 оны мартагдашгүй дурсамжаа бүтээгээрэй. Шинэхэн цас хаялсан үдэш зуслангийн байшингийнхаа гадаа модон ширээнд хайрттайгаа тухлан суугаад гүрж дарс шимэнгээ, цэвэр агаар, царс модны үнэрийг ухамсартаа шингээн хайрын романсаа бэхжүүлж яагаад болохгүй гэж?

Дурсамж бүтээх арга №2:

2015 он гарахад төлөвлөсөн өөрийнхөө зорилгын жагсаалтаа хаа нэгтээ хийгээд мартчихсан юм биш биз? Хэрэв тэгсэн хүн байгаа бол одоо салхи оруулах цаг нь болжээ. Алив даруй хайгаад, байгаа газраас нь олоод ир. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо хэдэн хувийг биелүүлснээ дүгнэ. Цэгнэж дуусаад өөртөө үнэлэлт өгсөн бол яагаад жагсаалтаа нэгээр нэмж болохгүй гэж. Яг одоо жагсаалтынхаа хамгийн сүүлд “Дурсамж бүтээх” гэж бич. Энэ сарыг, энэ оныг, тухайн мөчийг оюун ухаандаа мөнхлөхийн тулд хэнтэй, юу хиймээр байгаагаа бод. Тэгээд түүнийгээ биелүүлэхдээ бэлд, дараа нь заавал хэрэгжүүл. Хачин романтик сар айсуй. Хайрттайгаа хөөстэй халуун ванн-д орж, лааны таатай үнэрийг мэдрэнгээ гүрж дарсаа амтал. Байгалиар нь исгэсэн усан үзмийн амт та хоёрыг улам ойртуулах болно.

 

Дурсамж бүтээх арга №3:

Эрхэм хүмүүс бол хэзээд хэний ч хувьд гэр бүл нь байдаг. Хайртай аав, ээжийгээ баярлуулж, инээмсэглэл тодруулсан царайг нь сэтгэлдээ тогтоож ав. Хамтдаа зураг авахуулж, зургийн цомогтоо заавал угаалгаж хадгал. Бэлгийг заавал баяраар өгч, зургийг заавал онцгой тохиолдолд л авахуулдаг гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Тэднийгээ гэнэт л баярлуул.