Child care II аян долоон хүүхдийн ээж Д.Солонгыг зорилоо

Сүүлийн үед сошиал ертөнцөд олны анхаарлын төвд байгаа долоон бяцхан  хүүхдийн ээж, өрх толгойлсон 28 настай Д.Солонгыг MamyPoko брэнд зорин очиж тусламж үзүүллээ. Орон даяар хэрэгжиж байгаа Child care II аяны хүрээнд тусламж хэрэгтэй эх хүүхдэд хандсан сайн үйлсийн олон ажлын нэг болгож, удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан MamyPoko живх, хүүхдийн тэрэг, цүнх, хоолны ширээ, гарын бэлгийг гардуулан өгсөн юм.

Таван удаагийн төрөлтөөр долоон хүүхэдтэй болсон Д.Солонго Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд оршин суудаг. Таван жилийн өмнө нөхрийн хамт Дорнод аймгаас Улаанбаатар хотод шилжин суурьшжээ. Нөхөр нь өнгөрсөн өвөл нас барж, хүүхдүүдийнхээ хамт эцэг эхийнхээ гэрт амьдарч байсан тэрээр өнгөрөгч ням гаригт сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр гэртэй болсон байна. Мөн тэдгээр хүмүүс Д.Солонгын хүүхдүүдийг нийгмийн халамжид оруулах, өөрсдийн эзэмшлийн газартай болгохоор хөөцөлдөж байгаа бөгөөд цаашдаа ажилтай болгох тал дээр анхаарлаа хандуулж байгаа аж. Д.Солонгын том хоёр ихэр нь 2 настай, бага хоёр ихэр нь 5 сартай живхний насны хүүхдүүд бөгөөд сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр гэртэй болсон тэдэнд хүүхэд асаргааны хэрэгсэл дутагдалтай байсан бол одоо санаа зовох зүйлгүй боллоо.