Компаний танилцуулга

Компаний танилцуулга

“Таван Богд Интернэйшнл” ХХК нь 1998 онд гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлснээр анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Ахуйн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнээр эх орныхоо хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор байгуулагдсан манай компаний үйл ажиллагаа жил ирэх тусам улам өргөжин тэлсээр байна.

“Таван Богд Интернэйшнл” ХХК нь 200 орчим ажилтантай бөгөөд Улаанбаатар хотыг бүрэн хамарсан борлуулалтын сувагтай. Улаанбаатар хотоос гадна Монголын өнцөг булан бүрт 21 аймаг, 300 гаруй суманд борлуулалт түгээлтийн нэгдсэн системийг нэвтрүүлж, хэрэглэгч нартаа ойрхон ажилласаар ирсэн юм.

Бид 208 жилийн түүхтэй Colgate-Palmolive, дэлхийд инноваци, шинэчлэлээрээ тэргүүлэгч Unicharm болон LG, Heinz, John West зэрэг компаниудын албан ёсны дистрибютер бөгөөд Солонгос, Япон, Индонез, Малайз, Голланд, Гүрж, Англи , ОХУ зэрэг орноос 400 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэж байна.

Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс

  • Алсын хараа

    Дэлхийн энтэй Монгол хүн.

  • Эрхэм зорилго

    Өрх бүрийн өдөр тутмын тэргүүн сонголт, салшгүй хэсэг байх өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хамгийн ойр байршуулах замаар хэрэглэгчдийн амьдралын чанарыг сайжруулж, хэрэглээг хялбаршуулахад оршино.

  • Бидний үнэт зүйлс

    Харилцагчид, хэрэглэгчид

    Харилцагч, хэрэглэгчид маань манай байгууллагын тогтвортой оршин тогтнохын үндэс юм. Байнга идэвхитэйгээр хувьсан өөрчлөгдөж буй харилцагч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бодитоор танин мэдэж, хүлээлтийг нь давуулан биелүүлэх нь манай байгууллагын соёлт нийгмийн хариуцлагатай иргэний хувиар нийт зах зээлийн өмнө хүлээсэн үүрэг мөн. Харилцагч хэрэглэгчдийн маань хүртэж буй үнэ цэнэ, сэтгэл ханамж, тэдгээрийн цар хүрээний өсөлтөөр манай байгууллагын тогтвортой өсөлт, эдийн засагт оруулж байгаа бодит хувь нэмэр тодорхойлогдоно.

    Байгууллагын ажилтан

    Манай байгууллагын эрхэм зорилго, эрмэлзлийг бодит болгож, баялгийг бүтээн нийгэмд бодит хувь нэмрийг оруулж буй ажилтнууд маань бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй нөөц мөн. Байгууллага хөгжвөл ажилтан хөгжиж, ажилтан хөгжвөл байгууллага хөгждөг учир шударга, хүнлэг, нийтлэг хүртээмжтэй байдлаар хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх бодлогыг баримтална. Улмаар ажилтнуудын материаллаг болон оюунлаг хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлэх нь нэгдсэн зорилго, зорилтын үзэл санаагаар зангидагдсан хамт олныхоо өмнө хүлээх байгууллагын хамгийн том үүрэг билээ.

    Хөрөнгө оруулагчид

    Манай байгууллага нь өөрийн үйл ажиллагааг эрүүл, шударга зарчмаар явуулж, бизнесээ өргөжүүлэн тэлж, ашиг орлогоо байнга өсгөн нэмэгдүүлэх нь бидний тогтвортой хөгжлийн үндэс мөн. Байгууллага ийнхүү хөгжиж, бүтээсэн баялгаас цаашдын хөгжлийг тодорхойлох шинэ санаачилга, бизнесийн болон хүний нөөцийн хөгжил, эрсдлийг удирдах, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд зориулан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ бүхний эцэст зах зээлийн шударга зарчмаар хөрөнгө оруулагчдад ногдол ашиг олгох үүргийг хүлээнэ. Компаний ашиг орлого, хөрөнгийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж, зарласан ногдол ашгийн хэмжээ тогтмол өсөлттэй байх нь нээлттэй зах зээл дээрхи компаний бодит үнэлэмжийг нэмэгдүүлэх гол үзүүлэлт билээ.

    Нийгмийн хариуцлага

    Бид эдгээр үүргээ хэрэгжүүлэхдээ харилцагчид, хэрэглэгчид, ажилтнууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа ганхашгүйгээр даган мөрдөнө. Түүнээс гадна, бидний менежментийн үзэл санаа, алсын хараа, эрхэм зорилготой нийцсэн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын гарц гаргалгааг эрэлхийлж, тогтвортой нийтийг хамарсан шийдлүүдийг өөрсдийн үндсэн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулахгүйгээр нээн илрүүлж дэмжин ажилласнаар нийгмийн сайн сайханд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулна.